FamilySearch-ийн нууцлалын мэдэгдэл

2025-01-14-нд шинэчилсэн

FamilySearch International (“FamilySearch”) нь АНУ-ын Солт Лэйк Ситид төвтэй, гэр бүлийн түүх болон удмын бичгийн судалгаа явуулдаг Юта мужийн ашгийн бус корпорац юм. Энд “бидэнд,” “бид,” “манай” гэж дурдсан үед FamilySearch гэж ойлгоно. Энэхүү мэдэгдлээр бид таны хувийн мэдээллийг хэрхэн боловсруулдаг тухай мэдээллийг танд өгнө.

Манай вэбсайт болон аппликэйшн (“Вэбсайт”) дээр цахимаар аккаунт нээх эсвэл FamilySearch-д мэдээлэл илгээх нь танд ургийн мод үүсгэх; гэр бүлийн гишүүдтэйгээ холбогдох; өөрийн болон хамаатан садныхаа оруулсан эсвэл олон нийтийн ба дэлхий дахины түүхэн эх сурвалжуудаас олж авсан гэр бүлийн зураг, дижитал бүртгэл, аман түүхийн тэмдэглэл, бусад дурсгалт зүйлд нэвтрэх, бусадтай хуваалцах зэрэг бидний санал болгодог үйлчилгээ, вэбсайтад нэвтрэх боломжийг олгодог.

FamilySearch өөрсдийнх нь вэбсайтыг ашигладаг хүмүүсийн хувийн нууцыг хүндэтгэдэг. Энэхүү Нууцлалын мэдэгдэлд бид цуглуулдаг хувийн мэдээлэл, хувийн мэдээллийг боловсруулдаг үндэслэл, өгөгдөл боловсруулдаг нөхцөлөө таны эрх болон холбогдох хууль тогтоомжийн дагуу тодорхойлно. Бидэнд хувийн мэдээллээ илгээхээс өмнө энэхүү Нууцлалын мэдэгдлийг анхааралтай уншихыг бид та бүхэнд уриалж байна. Манай вэбсайтын хүргэлт таны хувийн мэдээллийг FamilySearch-ийг ашиглах нөхцөл болон Контент оруулах гэрээний дагуу боловсруулахаас шалтгаалдаг тул эдгээр баримт бичгийг анхааралтай уншиж танилцана уу.

1. Хэн таны хувийн мэдээллийг хянадаг вэ?

Та манай вэбсайт дээр хувийн мэдээллээ хуваалцах, бидэнтэй холбогдох эсвэл харилцах үед бид таны хувийн мэдээллийг мэдээлэл хариуцагчийн хувиар боловсруулдаг.

FamilySearch нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн (“Сүм”) харьяа байгууллага бөгөөд Сүмийн дэмжлэгтэйгээр олон нийтэд зориулсан үйлчилгээ үзүүлдэг. Манай вэбсайт дээр цахимаар аккаунт үүсгэх нь таныг Сүмийг дэмждэг эсвэл Сүмд харьяалагддаг гэсэн утгыг илэрхийлэхгүй.

2. Бид хувийн ямар мэдээллийг цуглуулдаг вэ?

Бид (а) таны бидэнд илгээсэн, (б) бусад хэрэглэгчийн бидэнд илгээсэн; (в) бидний бүртгэсэн; (г) бидний гуравдагч талаас олж авсан хувийн мэдээллийг цуглуулдаг.

a. Таны илгээсэн мэдээлэл. Та манай вэбсайт дээр аккаунт үүсгэх, FamilySearch дэх материалыг үзэх хүсэлт гаргах, FamilySearch-ийн үйлчилгээнүүд эсвэл вэбсайт руу нэвтрэх хүсэлт гаргах, FamilySearch хэрэгслүүд эсвэл вэбсайт (жишээ нь: ургийн модоо үүсгэх) руу мэдээлэл илгээх эсвэл байршуулах, FamilySearch-тэй холбогдох болон бусад харилцааг үүсгэх үед бидэнд хувийн мэдээллээ илгээж, бид таны илгээсэн хувийн мэдээллийг цуглуулдаг. Таныг FamilySearch-тэй холбогдож, аккаунт үүсгэх үед бид ерөнхийдөө таны нэр, төрсөн огноо, гар утасны дугаар, э-мэйл хаяг, байршил (жишээ нь: улс), хүйсийн талаарх мэдээллийг боловсруулдаг. Мөн та хэрэглэгчийн нэр, дэлгэцэн дээр харагдах нэр, нууц үг, э-мэйл хаяг, тохиргоо, сонголт зэрэг аккаунтын болон бүртгэлийн мэдээллийг боловсруулахад зориулж илгээж болно.

Та манай үйлчилгээг ашиглахдаа FamilySearch-ийн удмын бичгийн бусад үйл ажиллагаанд оролцохын тулд өөрийн санаачилгаар нэмэлт мэдээллийг, тухайлбал удмын бичгийнхээ мэдээлэл (жишээ нь: амьдралын зураглал, амьдралын үйл явдал, өөр нэр, гэр бүлийн харилцаа, амьдралын баримт, дурсамж, намтрын мэдээлэл), өөрийн болон таны төрөл төрөгсдийн гэрэл зураг, дурсамж, бүртгэл, түүхэн мэдээллийг илгээхээр сонгож болно. Та ямар хувийн мэдээлэл илгээхээ сонгох ба зарим тохиолдолд үндэс угсаа, арьс өнгө, гарал үүсэл, шашин шүтлэг, иргэний харьяалал, эрүүл мэндийн мэдээлэл, цагаачлалын статус зэрэг эмзэгт тооцогдох мэдээллийг илгээхээр сонгож болно. Гэхдээ та өөрөөсөө өөр хүмүүсийн тухай, хэрвээ уг хүмүүс нь амьд байгаа бол эмзэг мэдээллийг илгээж эсвэл хуваалцаж болохгүй.

б. Бусад хэрэглэгчийн илгээсэн мэдээлэл. “Бид хувийн мэдээллийг хэнтэй хуваалцдаг вэ?”хэсэгт илүү дэлгэрэнгүй тайлбарласанчлан, FamilySearch платформ нь таны төрөл төрөгсөд зэрэг вэбсайтын бусад хэрэглэгч таны эмзэг мэдээлэлд хамааралгүй хувийн мэдээллийг ургийн модны нэг хэсэгт эсвэл бусад хязгаарлагдмал хэрэгсэл, функцүүд дээр оруулах боломжийг олгодог. Гэр бүлийн гишүүдийн талаарх үндсэн мэдээллийг хуваалцах боломж нь удмын бичгийн судалгаа явуулах, судлаачдыг ургийнх нь модтой холбоход нэн чухал юм. Хэрэглэгч амьд байгаа хүний хувийн мэдээллийг (“Амьд хүний мэдээлэл”) ургийн модонд илгээх үед уг мэдээлэл эхэндээ зөвхөн тухайн хэрэглэгчид харагдана. Зарим хязгаарлагдмал тохиолдолд хэрэглэгч ийм мэдээллийг вэбсайтын нууцлалтай хэсэгт хязгаартай тооны хэрэглэгчидтэй, зөвхөн урилгаар нэгдэж ордог хаалттай бүлэгт хуваалцах боломжтой байж болно. Хэрэглэгч бүр вэбсайтад оруулсан эсвэл хуваалцсан аливаа амьд хүний мэдээллийн боловсруулалтад өөрөө хариуцлага хүлээх ба Контент оруулах гэрээ болон Ашиглах нөхцөлийн дагуу зөвхөн гэр бүлийн түүхээ баримтжуулах, судалгаа явуулах хувийн зорилгоор үүнийг гүйцэтгэнэ. 

в. Бидний бүртгэдэг мэдээлэл ба күүки. Таныг манай эх сурвалжид нэвтрэх үед манай сервер (бүртгэлийн файлыг ашиглан эсвэл шүүлтүүрийн системээр дамжуулан) таныг вэбсайтад нэвтрэн орох бүрд вэб хөтчийн тань илгээж буй мэдээллийг цуглуулж болзошгүй. Энэ мэдээлэлд таны интернэт протоколын хаяг (IP хаяг), интернэт хөтчийн төрөл, үйлдлийн систем, хэлний сонголт, манай сайт руу орохоосоо өмнө зочилсон дамжих вэб хуудас, зочны хүсэлт бүрийн огноо, цаг, манай эх сурвалж дээр хайсан хайлтын мэдээлэл ба күүки эсхүл үүнтэй ижил төстэй технологиор цуглуулсан бусад мэдээлэл багтаж болох ч мөн үүгээр хязгаарлагдахгүй болно. Илүү ихийг мэдэхийн тулд зөөврийн хэрэгсэлд зориулсан аппликэйшн болон вэбсайтын зүүлт дээр байршуулсан Күүкиний тохиргоо хэрэгслийг (“Күүкиний тохиргоо”) үзнэ үү. Күүкиний тохиргоо нь бидний ашигладаг күүкиний төрлийг сонгох боломжийг танд олгоно. Хэрэв та күүкиг зөвшөөрөхгүй бол Күүкиний тохиргоонд тоймлосон манай сайт эсхүл аппликэйшны зарим хэсэг, үйлдлийг ашиглах боломжгүй байж болох юм. Мөн та вэбсайтын үндсэн үйл ажиллагаанд шаардлагатай тодорхой күүкиг унтрааж болохгүй гэдгийг анхаарна уу. Та манай вэбсайтыг ашигласнаар күүкиний тохиргоонд өгүүлсний дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байгаа хэрэг юм. Та энэ хуудасны доод хэсэгт байгаа Күүкиний тохиргоо холбоос дээр дарснаар манай вэбсайт дээр ашигладаг зарим күүкинээс татгалзаж болно.

г. Гуравдагч талын мэдээлэл. Хэрэв та Сүмийн гишүүн бөгөөд өөрийн FamilySearch аккаунтыг Сүмийн цахим аккаунттайгаа холбохыг хүсвэл бид таны хувийн мэдээллийг (жишээ нь: Сүмийн гишүүнчлэлийн болон Сүмийн аккаунтын мэдээлэл) Сүмийн холбогдох байгууллагаас хүлээн авч болно.

Холбогдох хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд бид архив болон олон нийтэд нээлттэй бусад эх сурвалжаас таны удмын бичгийн болон түүхэн хувийн мэдээллийг олж авч болно.

3. Бид таны хувийн мэдээллийг хэрхэн боловсруулдаг вэ?

Бид ихэнхдээ таны хувийн мэдээллийг автомат арга хэрэгслээр (автомат боловсруулалт) боловсруулдаг боловч зарим тохиолдолд автомат бус (гар боловсруулалт) эсвэл автомат болон гар боловсруулалтыг хослуулан (холимог боловсруулалт) боловсруулж болно.

Таны хувийн мэдээллийг боловсруулах үйлдлүүдэд дараах үйл ажиллагаа багтаж болно. Үүнд: Таны хувийн мэдээллийг цуглуулах, бүртгэх, ангилах, бүтэцжүүлэх, хадгалах, тохируулах буюу өөрчлөх, дүн шинжилгээ хийх, сэргээх, зөвлөгөө өгөх, ашиглах, дамжуулах (илгээх, нэвтрэх, задруулахх), түүний дотор энэ мэдэгдэлд тайлбарласны дагуу таны хувийн мэдээллийг гадаад улс руу дамжуулах, нийцүүлэх буюу нэгтгэх, үүсмэл мэдээллийг бий болгох, хязгаарлах, арилгах эсхүл устгах багтана.4. Бид ямар зорилгоор хувийн мэдээллийг боловсруулдаг вэ?

Бид таны хувийн мэдээллийг вэбсайт болон FamilySearch-ийн санал болгодог үйлчилгээтэй холбоотойгоор дараах зорилгоор боловсруулдаг:

  • Удмын бичиг/Гэр бүлийн түүхийг судлах: Танд болон таны төрөл төрөгсдөд өвөг дээдэс, удам угсааныхаа мэдээллийг олж, ургийн модоо үүсгэх, гэр бүлийн түүхийн судалгаа явуулах, гэр бүлийн гишүүдтэйгээ холбоо тогтооход туслах сургалт, эх сурвалж, арга хэрэгслүүдээр хангах.
  • Түүхэн баримт бичгүүдийг хадгалах: Түүхэн баримт бичиг, гэрэл зураг, олдвор, нээлттэй мэдээлэл зэргийг хойч үедээ зориулан дижитал болгож, архивлах.
  • Гэр бүлийн түүхийг бичих: Алдагдаж болзошгүй гэр бүлийн түүхийн, түүхэн, соёлын чухал түүхийг бичиж авах (жишээ нь: аман түүхийн тэмдэглэл).
  • Харилцаа ба хамтын ажиллагаа: Гэр бүлийн түүхийн судалгаа явуулахдаа манай хэлэлцүүлэг зэрэг функцүүдийг ашиглан бусад хэрэглэгчтэй харилцаж, хамтран ажиллах боломжийг танд олгох.
  • Вэбсайтын удирдлага:
    • Таны FamilySearch аккаунт, бусад FamilySearch аппликэйшн болон үйлчилгээнд нэвтрэх эрхийг тань баталгаажуулах.
    • Тантай харилцах, асуултад тань хариулах, техник, аюулгүй байдал болон үйл ажиллагааны бусад асуудалтай холбоотой мэдээллээр таныг хангах.
    • FamilySearch вэбсайт дээрх таны үйлдлийг бүртгэх, дүн шинжилгээ хийх зэргээр өөрсдийн вэбсайт, хэрэгсэл, үйлчилгээг бий болгож, сайжруулах.
    • FamilySearch-ийн шинэ аппликэйшн, үйлчилгээний талаар танд мэдэгдэх, таныг хэрэглэхэд урих, ургийн модон дахь боломжит шинэ төрөл төрөгсдийн тань талаар мэдээлэх.
    • Алдаа, залилан, гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаанаас сэргийлэх, Ашиглалтын нөхцөлүүдийг мөрдүүлэх.

5. Таны хувийн мэдээллийг боловсруулах хуулийн үндэслэл юу вэ?

Бид цуглуулдаг бүх хувийн мэдээллээ зөв шударга, хууль ёсны үндэслэлтэйгээр боловсруулахыг эрмэлздэг. Бидний мэдээллийг боловсруулах хуулийн үндэслэл нь вэбсайтын бүс, хувийн мэдээллийг тань боловсруулах зорилго, тухайлбал дээрх “Бид хувийн мэдээллийг ямар зорилгоор боловсруулдаг вэ?” хэсэгт дурдсан зорилгууд, танай нутаг дэвсгэр дэх дотоодын хуулийн шаардлагуудаас шалтгаалан өөр өөр байж болно.

Хэрэглэгчдийн хувийн мэдээллийг боловсруулах бидний үндсэн хууль зүйн үндэслэл бол таныг манай вэбсайт дээр аккаунт нээх үед болон манай вэбсайтад үе үе хувийн мэдээллээ байршуулахад, эсвэл FamilySearch-д хувийн мэдээллээ илгээх бусад маягтыг бөглөхөд танаас авдаг зөвшөөрөл юм.

Мөн бид ашгийн бус удмын бичгийн судалгааны байгууллагын хувьд хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахын тулд хувийн мэдээллийг боловсруулах ба түүн дотроо шаардлагатай тохиолдолд таныг удмын сангийн судалгаа явуулах, баримтжуулах, аудит хийх, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, системийн алдааг олж засварлах, хууль ёсны шаардлага, зохицуулалтын үүргийг гүйцэтгэх платформоор хангана. Аль ч тохиолдолд бид хууль ёсны ашиг сонирхлоо таны эрх, эрх чөлөөтэй тэнцвэртэйгээр уялдуулж, зөвхөн дээр дурдсан зорилгуудыг биелүүлэхэд шаардлагатай мэдээллийг боловсруулна.

Манай вэбсайтын зарим хязгаарласан хэсэгт бид хэрэглэгчдэд удмын бичгийн судалгааг явуулах шаардлагатай үед зориулж амьд хүмүүсийн мэдээллийг хуваалцахыг зөвшөөрдөг, цөөн тооны хэрэглэгч урилгаар нэгддэг хаалттай платформоор хангадаг. Эдгээр хэсэгт FamilySearch нь хэрэглэгчийн үүсгэсэн, амьд хүний мэдээлэл агуулсан контентыг хэрэглэгчийн зааврын дагуу хэрэглэгчийн өмнөөс боловсруулдаг. Бид амьд хүмүүсийн мэдээллийг хувийн зорилгоор боловсруулдаггүй, ашигладаггүй эсвэл боловсруулах хууль эрх зүйн үндсийг тодорхойлдоггүй. Хэрэглэгч бүр вэбсайт дээр оруулсан эсвэл хуваалцсан аливаа амьд хүний мэдээллийн боловсруулалтад өөрсдөө хариуцлага хүлээнэ. Та эдгээр хэсгийн аль нэгэнд (жишээ нь: хэрэглэгчийн эзэмшдэг эсвэл бүлгийн мод) мэдээлэл оруулах үед танд мэдэгдэж, таны илгээсэн аливаа амьд хүний мэдээлэлд таныг хариуцлага хүлээнэ гэдгийг сануулна. 

Таны харьяалагдах дотоодын шаардлагаас шалтгаалан, хэрэв та зөвхөн хувийн болон гэр бүлийн үйл ажиллагаатай холбогду��лан амьд хүний мэдээллийг боловсруулбал хувийн нууцын тухай хуулийн шаардлагуудад хамаарахгүй байж болзошгүй. Гэхдээ ямар ч тохиолдолд та FamilySearch-ийн Контент оруулах гэрээ ба ашиглах нөхцөлийн дагуу аливаа амьд хүний мэдээллийг бусад хэрэглэгчтэй хуваалцах эрхтэй эсвэл зөвшөөрөлтэй байх ёстой.  

6. Бид хувийн мэдээллийг хэнтэй хуваалцдаг вэ?

Та профайлынхаа тохиргоог өөрчлөх замаар эсвэл доор өгөгдсөн мэдээллийг ашиглан бидэнтэй холбоо барьснаар таны мэдээллийг хуваалцахыг болиулах эсвэл бидний хуваалцах мэдээлэлд хязгаарлалт хийх боломжтой. Бид таны хувийн мэдээллийг дараах нөхцөлд бусад талтай хуваалцдаг. Үүнд:

а. Гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгчид. Бид энэхүү Мэдэгдэлд тодорхойлсон зарим эсвэл бүх ангиллын хувийн мэдээллийг гуравдагч тал болох мэдээлэл боловсруулагчид эсвэл дэд боловсруулагчид (жишээ нь: төлбөр боловсруулах, засвар үйлчилгээ, аюулгүй байдал, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, байршуулах, хэмжилтийн үйлчилгээ, өгөгдөлд тулгуурлан олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд зурвас илгээх, санал асуулга гэх мэт) өгч бидний өмнөөс боловсруулах үүргийг хүлээлгэж болно. Ийм тохиолдолд энэхүү мэдэгдэл ба холбогдох хуулийн шаардлагын дагуу бид үйлчилгээ үзүүлэгчид хувийн мэдээллийг дахин боловсруулах (тухайлбал маркетингийн зорилгоор) мөн дамжуулахаас хамгаалах үүргийг гэрээгээр хүлээлгэдэг. Күүки ашиглан таны хувийн мэдээллийг цуглуулж болох гуравдагч талуудын жагсаалтыг Күүкиний тохиргооноос үзнэ үү. 

б. Сүмийн харьяа байгууллагууд. Бид зарим хязгаартай нөхцөлд FamilySearch вэбсайт дээрх таны үйлдлийн дүн шинжилгээ, мэдээлэл зэрэг хязгаарлагдмал хувийн мэдээллийг ивээн тэтгэгч Сүмийн байгууллагуудад үйлчилгээг сайжруулах, хөгжүүлэх зорилгоор дамжуулж болно. Ийм тохиолдолд боломжтой бол хувийн мэдээллийг хүнийг тодорхойлох боломжгүй байдлаар боловсруулна. Түүнчлэн FamilySearch нь хувийн мэдээллийг зохицуулахын тулд Сүмийн зарим дундын эх сурвалжийг (программ хангамж гэхчлэн) ашиглаж болох ч FamilySearch-ийн хувийн мэдээлэлд зөвхөн энэхүү Мэдэгдлийн дагуу FamilySearch-ийн цаашдын зорилгыг мэдэх хууль ёсны хэрэгцээтэй FamilySearch-ийн ажилтнууд хандах болно. Хэрэв та Сүмийн гишүүн бөгөөд өөрийн Сүмийн гишүүнчлэлийн мэдээллийг FamilySearch аккаунттайгаа сайн дураараа холбосон бол таны илгээх хувийн мэдээллийг ёслол болон ариун сүмийн ажлыг баримтжуулах зорилгоор холбогдох Сүмийн байгууллагуудад дамжуулах зөвшөөрлийг FamilySearch-д өгч байна гэсэн үг юм.

в. Вэбсайтын хэрэглэгчид. Таны хувийн нууцыг илүү сайн хамгаалахын тулд бид вэбсайтаа зөвхөн урилгаар нэвтрэх боломжтой зарим хязгаарласан хэсэгтэй, тэндээ вэбсайтын бусад хэрэглэгчтэй амьд хүмүүсийн мэдээллийг хуваалцах боломжтой байхаар зохион бүтээсэн. Та эдгээр хязгаарласан хэсэгт вэбсайт дээр оруулсан удмын бичгийнхээ зарим мэдээллийг (жишээ нь: ургийн модонд байршуулдаг мэдээлэл) FamilySearch-ийн бусад хэрэглэгчид нээлттэй харагдахаар сонгож болно. Таны хүсэлт эсвэл үйлдэлгүйгээр FamilySearch таны оруулсан амьд хүний мэдээллийг илгээгч танаас өөр хэнд ч ил болгохгүй. Та үүнийг ил болгохыг сонгох ёстой (жишээ нь: таныг бүлэгт элсэж, уг бүлгийн дотор хувийн мэдээллээ хуваалцах үед). Гэхдээ та нийтийн модон дээрх нас барсан хүний дурсамжид амьд хүний тухай мэдээллийг хавсаргаж болохгүй. FamilySearch холбогдох хуулиудыг дагаж мөрдөн, төрөл садны тань хувийн нууцыг хамгаалахын тулд амьд хүний мэдээллийг хуваалцах нөхцөлүүдийг хязгаарлахыг хичээдэг.

Дээр дурдсанчлан хэрэглэгч бүр вэбсайт дээр оруулсан эсвэл хуваалцсан аливаа амьд хүний мэдээллийн боловсруулалтад өөрөө хариуцлага хүлээнэ. Та амьд хүний мэдээллийг бусад хэрэглэгчтэй хуваалцахыг сонгосноор энэ мэдээлэлд хариуцлага хүлээхээ, FamilySearch-ийн Контент оруулах гэрээ болон Ашиглах нөхцөлийн дагуу ийм мэдээллийг бусад хэрэглэгчтэй хуваалцах эрхтэй эсвэл зөвшөөрөлтэй гэдгээ, эдгээр мэдээллийг зөвхөн хувийн болон удмын бичгийн судалгааны зорилгоор хуваалцаж буйгаа, ийн хуваалцах нь холбогдох хуульд нийцэж байгаа гэдгийг баталж буй хэрэг юм.  

Та хувийн мэдээллийнхээ бусад FamilySearch хэрэглэгчид эсвэл олон нийтэд харагдах байдлыг хүссэн үедээ нууцлалын тохиргоог өөрчлөх эсвэл доорх мэдээллийг ашиглан бидэнтэй холбоо барих замаар тохируулж болно. Амьд хүний мэдээлэл агуулсан бүх дурсамжийг “нууц” болгож тохируулах ёстой. 

Гэвч FamilySearch нь олон нийтийн болон түүхэн эх сурвалжуудаас олж авсан зарим хувийн мэдээллийг холбогдох дотоодын хуулиар зөвшөөрөгдсөн тохиолдолд олон нийтэд нээлттэй болгож болно.

г. Хууль эрх зүйн шаардлагууд. Бид шүүхийн зарлан дуудах эсвэл шүүх, захиргааны байгууллагын тушаал болон хуульд заагдсан өөр шаардлагын дагуу өгөх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд таны хувийн мэдээлэл, пост, онлайн чат, хувийн тэмдэглэл, агуулга эсвэл гуравдагч тал руу илгээсэн мэдээлэл рүү орж эсвэл тэдгээрийг гарган өгч болно. Түүнчлэн бид хуулиар шаардсан тохиолдолд, хуулиар олгогдсон эрхийг хамгаалах: хариуцлага ноогдуулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах; аливаа хувь хүн эсвэл олон нийтийн эрх, эд хөрөнгө, эх сурвалжийн аюулгүй байдлыг хамгаалах; үйлчилгээ, дэд бүтцийн аюулгүй, бүрэн бүтэн байдлаа хадгалах мөн хамгаалах; өөрсдийгөө болон өөрсдийн үйлчилгээг залилан, зохисгүй эсвэл хууль бусаар ашиглахаас хамгаалах; гуравдагч талын нэхэмжлэл, мэдүүлгийн эсрэг шинжлэн судалж, өөрсдийгөө хамгаалах; хууль сахиулах төрийн байгууллагад туслах зэрэг зорилгоор таны хувийн болон бусад мэдээллийг гарган өгч болно.

7. Бид хувийн мэдээллийг хаана хадгалдаг вэ?

Бид таны хувийн мэдээллийг таны оршин суудаг улсаас гадуур (АНУ-ыг оролцуулаад) сервер, үүлэн технологи дээр хадгалах шийдэл эсвэл FamilySearch болон үүнтэй хамааралтай ивээн тэтгэгч байгууллагуудын байранд хадгалж болно. Бусад улс орон руу шилжүүлсэн хувийн мэдээллийг зохих ёсоор хамгаалахын тулд FamilySearch нь манайд үйлчилгээ үзүүлэгчид, харьяа байгууллагууд, хуулиар шаардсан тохиолдолд архивуудтай мэдээлэл шилжүүлэх, боловсруулах гэрээ байгуулдаг. Эдгээр шилжүүлэх гэрээнд ЕХ-ны хууль эсвэл холбогдох хуульд заасан бусад заалтад нийцүүлэн Европын комиссоос баталсан гэрээний жишиг заалтууд (хэрэв та энэхүү мэдэгдлийн төгсгөлд байгаа мэдээллийг ашиглан бидэнтэй холбоо баривал үзэх боломжтой) багтдаг.

8. Бид хувийн мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ?

Бид хүлээн авсан хувийн мэдээллийг алдах, зүй бусаар ашиглах, зөвшөөрөлгүй өөрчлөхөөс сэргийлж, нууцлалыг хамгаалахын тулд техник, зохион байгуулалтын арга хэмжээ авдаг. Бид аюулгүй байдлын журмаа тогтмол хянаж, хамгийн сүүлийн үеийн аюулгүй байдлын технологи, аргуудыг авч үздэг. Бид мөн нэвтрэх хуудсаар дамжиж буй өгөгдлийг кодлохдоо хамгийн сүүлийн үеийн кодлох технологийг ашигладаг. Гэвч бид эдгээр кодлох технологи аюулгүй байдлыг бүрэн хангана гэсэн баталгааг өгч чадахгүй тул та хувийн мэдээллээ онлайнаар оруулахдаа болгоомжтой хандана уу.

9. Бид хувийн мэдээллийг хэр удаан хадгалдаг вэ?

Бид цуглуулсан хувийн мэдээллийг, тухайлбал вэбсайт болон бусад байдлаар дамжуулан цуглуулсан мэдээллийг өмнө дурдсан боловсруулах зорилгыг гүйцэтгэхийн тулд тодорхой хугацаанд хадгалдаг. Дараа нь бид хуулиар заасан хугацаанд архивладаг. Архивлах шаардлагагүй болсон үед бид удмын бичгийн ба түүхийн байнгын бүртгэлд хадгалагдсан хязгаарлагдмал түүхэн мэдээлэл, хувийн мэдээллээс бусад хувийн мэдээллийг холбогдох хуульд заасан хугацаанд багтаан бүртгэлээс устгадаг.

10. Та хувийн мэдээлэл рүүгээ хэрхэн орж, засаж болох вэ?

Бид хувийн мэдээллийн үнэн зөв байдлыг хадгалахыг эрхэмлэдэг бөгөөд та хувийн мэдээлэл болон амьд хүмүүсийн мэдээллийг бүрэн бүтэн, үнэн зөв оруулж байгаагаа бататгаж байгаа гэдэгт найддаг. Та хүсэлт гарган, хувийн мэдээллээ шалгаж, засаж, сайжруулж, шинэчилж, өөрийн тодорхой вэбсайтын бүртгэл, профайл эсвэл FamilySearch аккаунтаараа дамжуулан хувийн мэдээллийнхээ харагдах байдалд хязгаар тавьж болно. Эдгээр сонголттой танилцахыг хүсвэл энд дарж FamilySearch аккаунтын тохиргоог үзнэ үү.

Таны оршин суудаг улс орноос хамааран хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон нууцын тухай хуулиуд хувийн мэдээллийг ашиглахтай холбоотой нэмэлт эрхүүдийг танд олгож болно. Хуулийн нэмэлт эрхээ эдлэх бол та доорх мэдээллийг ашиглан бидэнтэй холбоо барьж болно. Ийм эрхэд:

  • таны тухай бидний хадгалж байгаа хувийн мэдээллийн хуулбарыг олж авах гэхчлэн мэдээлэл авах эрх;
  • хувийн мэдээллүүдэд нэвтрэх, устгах эрх;
  • хувийн мэдээллийг залруулах эрх;
  • мэдээллийг зөөвөрлөх эрх; мөн
  • цаашид боловсруулахаас татгалзах эсвэл боловсруулалтыг хязгаарлах эрх.

Эдгээр эрхийн хамрах хүрээ нь улс орноос хамаарч өөр өөр байж болно. Аливаа асуулт гарвал эсвэл эдгээр эрхээ ашиглахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Та хаана амьдардгаасаа шалтгаалан хяналтын байгууллагад гомдол гаргах эрхтэй.

Хэрэв өөр нэг хэрэглэгч таны хувийн мэдээллийг боловсруулж эсвэл хуваалцаж байгаа бол тэр хэрэглэгчтэй холбоо барьж, таны талаар илгээсэн эсвэл хуваалцсан хувийн мэдээллийг устгах эсвэл залруулахыг хүснэ үү. Хэрэглэгч бүр бусад хүний талаар вэбсайт дээр оруулсан эсвэл хуваалцсан аливаа амьд хүний мэдээллийн боловсруулалтад хувьдаа хариуцлага хүлээнэ. Та мөн доорх холбоо барих мэдээллийг ашиглан бидэнтэй шууд холбоо барьснаар бид хүсэлтийн тань дагуу таны хувийн мэдээллийг засах, устгахад туслах болно.

Хэрэв танд хувийн мэдээллээ өөрчилж, устгаж, шинэчлэхэд асуудал гарвал энэхүү мэдэгдлийн төгсгөлд заасан мэдээллийг ашиглан бидэнтэй холбогдож болно.

11. Хүчинтэй огноо ба нэмэлт өөрчлөлт.

Энэхүү мэдэгдэл нь 2025 оны 1-р сарын 14-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд тухай бүрд нэмэлт өөрчлөлт оруулж болно.

12. Бидэнтэй холбоо барих.

Энэхүү мэдэгдэл болон бидний боловсруулдаг хувийн мэдээллийн аюулгүй байдлын талаарх асуултаа манай вэбсайт, факс эсвэл шуудангаар илгээж болно. Үүнд:

Вэбсайт:                   FamilySearch.org/dataprivacy
Факс:                        +1-801-240-1187
Шуудангийн хаяг: FamilySearch Data Privacy Office
                                    50 E. North Temple Street
                                    Salt Lake City, UT 84150-0005
                                    USA

Хэрэв та Европын эдийн засгийн бүсэд амьдардаг бол FamilySearch-ийн GDPR Art. 27-ийн төлөөлөгчтэй шуудангаар эсвэл э-мэйлээр холбоо барьж болно.

Шуудангийн хаяг: IITR Cert GmbH
Eschenrieder Str. 62 c, D-82194
Gröbenzell, Germany
Э-мэйл хаяг: privacy@FamilySearch.org